menu

Monday, September 14, 2015

Лекц №2 Тогтвортой холбоо үг




Тогтвортой холбоо үгийг ангилах нь
Хэлний их бага нэгжүүд нь хэлэхийн цуваанд өөр хоорондоо нийлж, тэдний зарим нь тогтвортой холбоонд орж өвөрмөц ба хэвшсэн утгыг бий болгодог. Тогтвортой хэлц холбоо үг нь хэлзүйн хувьд ерийн чөлөөт холбоо үгтэй адилхан боловч утгын хувьд нэгдэж өгүүлбэрт нэг гишүүний үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь: Чи түүнээс нүдээ өгөхөөс буцахгүй болжээ гэхэд нүдээ өгөх гэдэг нь хэтрүүлсэн дүрслэл бүхий тогтвортой холбоо үг учир уул өгүүлбэрт төгс бус өгүүлэхүүн гишүүн болно. Харин энэ холбоо үг заахын тийн ялгалаар холбогдсоны хувьд дэвтэр өгөх, тайлангаа өгөх зэрэг тогтворгүй холбоо үгтэй адил юм.
Хэлний хэлц нэгж нь утгазүйжсэн ба үгийн санжсан, хэлзүйжсэн ба бүхэлзүйжсэн гэсэн дөрвөн янз байна. Ийм холбоо үгсийг дөрвөлжин хаалтаар ялгах ба ингэхдээ нөхцөлийн өмнө хаалтыг тавьж, баруун дээд өнцөгт нь жижиг үсгээр у.з (утгазүйжсэн), ү.с (үгийн санжсан), х.з (хэлзүйжсэн), б.з (бүхэлзүйжсэн) гэж тэмдэглэнэ.  
Үгийн санжсан холбоо үг
Онцлог шинж
Жишээ
Тайлбар
1.       
Салаа утга байхгүй тул дүрслэх ур маягаар бүтэхгүй. Үгийг шууд утгаар хэрэглэнэ.
төмөр зам
Уул хоёр үг үндсэн шууд утгаараа хэрэглэгдсэн атлаа нэг юмны тухай өгүүлнэ.
2.       
Хэдийгээр хоёр ба түүнээс дээш үгээс бүтсэн боловч уул юмын ноцтой гол шинжийг илтгэсэн нэг ухагдахуун илэрхийлнэ.
усан цэрэг, гар бөмбөг, морин тэрэг, ня-бо гэхэд
Нэгж ухагдахуун заан тэмдэглэсэн.
3.       
Нэг ухагдахуун илтгэх тул нэр томьёо болдог.
суртал нэвтрүүлэг, хөх бух гэх мэт.

4.       
Үгийн санжсан үгт хоршоо үгс багтана.
түлээ түлш, мандах буурах, ана мана, ач тач, жин тан, орой үдэш, арзгар барзгар гэх мэт.


Утгазүйжсэн холбоо үг
Онцлог шинж
Жишээ
Тайлбар
1.       
Уул холбоо үгийг бүтээж буй хоёроос дээших гишүүдийн аль нэг нь буюу эсвэл бүгдээрээ хийсвэрлэсэн салаа утгатай болсон байдаг.
далан долоон үг дэлгэх
хамаг юмаа илэн далангүй ярих, нуух эс нуух юмаа ялгалгүй ярих гэсэн санаатай бөгөөд үг гэсэн хийсвэр үгийг дэлгэх гэсэн бодит үгтэй холбосон учир адилтгасан салаа утга бий болж уул холбоо үг арьс дэлгэх, даавуу дэлгэх гэдгээс өвөрмөц утгатай болжээ. Үг гэдэгт олон гэсэн утгатай 77 гэсэн бэлгэдлийн тооны нэрийг тодотгол болгон оруулжээ. Иймээс бэлгэдлийн ба дүрслэлийн утга нь зөвхөн монгол ахуй амьдрал, соёл сэтгэхүйн онцлогийг хадгалсан байна. Нөгөө талаар ийм үгс нь үеэс үед уламжлан хадгалагдсаар үлддэг.
2.       
Тухайн юм үзэгдлийг ерийн шууд нэрлэсэн биш, шууд бус адилтган нэрлэсэн байдаг.
Чонон санаа
Үүнийг хэл шинжлэлд шууд бус нэрлэлт гэдэг. Хоёр зүйлийг юугаар адилтгасныг заасан үгс нь гээгдсэн ба чонон санаа гэх хэлц холбоо үг нь чоно шиг муу санаатай, чонын муу санаа шиг санаатай хүн гэсэн дэлгэрэнгүй холбоо үгээс хураагджээ.
3.       
Юуг юутай адилтгаж буйг дагалдан, хэлэгч этгээдийн баймжит санаа тодорхой илэрнэ.
Амнаас нь алт уна-
 “Үг хэлж ядах”-ыг хэтрүүлэн адилтгаж хэлсэн төдийгүй уг үйл байдалд дургүйцсэнээ илэрхийлнэ.
4.       
Хоёр ба түүнээс дээш үгээс бүтсэн авч нэг ухагдахуун илтгэнэ.
Явган нүцгэн
унаа унашгүй, юу ч үгүй гэсэн нэг ухагдахууныг илтгэнэ.  Ийм төрлийн холбоо үгийн нэг онцлог нь хэлзүйн хувьд нэлээн хөшүүн байдаг. Өөрөөр хэлбэл холбогдож буй үгсийн нөхцөл нь тэг хувилбараар голдуу илэрнэ. Жишээ нь: нүд үзүүрлэх гэхийг нүдийг нь үзүүрлэх, нүдийг үзүүрлэх гэж хэлдэггүй. Учир нь уул хоёр үг утгын хувьд бат бэх гагнагдсан учир холбох нөхцөл төдий л хэрэггүй байдаг.
5.       
Түүхэн уламжлалын шинжтэй ба монголчуудын ахуй сэтгэлгээ, соёлын онцлогийг хадгалсан байдаг. 
сүнс халих, зүрх амаар гарах, таван сүнс нь тарах
Тогтвортой холбоо үгийг үүсгэн хэлэлцэж байгаа нь тухайн ард түмний олон зуун жил амьдарч ирсэн амьдралын түүхэн туршлагаас эхтэй. 

Хэлзүйжсэн холбоо үг
Онцлог шинж
Жишээ
Тайлбар
1.       
Холбогдож буй үгсийн аль нэгнийх нь үгийн сангийн утга орхигдож хэлзүйн утгатай болж нөгөөх гол үгээ дагалдаж байдаг.
Явах учир, хэлсэн ёсоор, ажиллах ёстой
Ингэж хэлзүйжсэн тогтвортой холбоо үг нь өгүүлбэрт нэг гишүүн болдог. Хэлзүйжсэн холбоо үг нь ихэвчлэн үйл үгсийн аймгаар илэрнэ. Туслах үгээр илэрсэн холбоо үгийг өгүүлбэрт нийлмэл өгүүлэхүүн гэдэг. Мөн хэлзүйн задлаг хэлбэр буюу хэлзүйн задлаг хам бүтэц гэдэг. Туслаар орж буй үгс нь хэлзүйжсэн учир маш олон үгийг дагаж орох чадвартай байдаг.
2.       
а-, бай-, бол- язгууртай үйл үг хэлзүйжсэн холбоо үг бүтээнэ.
Хэлсэн ажээ, хэлсэн байна, хэлсэн болно
Тухайн үгсийг дагалдан орж үйлийн эхлэх, үргэлжлэх, дуусах болцыг заана.
3.       
Салаа утгаар орсон, тухайн үйлийн эхлэх, үргэлжлэх, дуусах болцыг заах, хэвтэх, унах, эхлэх, байх гэх мэт үйл үг багтана.
а.унтаж хэвтэх
б.яваад унах
в.уншиж дуусах
а.сүүлийн үйл үг нь уг үйлийн үргэлжлэх болцыг заадаг.
б.сүүлийн үйл үг нь эхлэх болцыг заана.
в.сүүлийн үйл үг нь уг үйлийн төгсөх болцыг заана.
4.       
Хэлэгч этгээдийн баймжит санааг илтгэсэн туслах үгс байдаг.
явж мэднэ, үзэн ядах, уншиж чадах
Сүүлчийн үйл үг нь үйл явдлын болох боломжийг заасан баймж илтгэнэ.
5.       
Тухайн үйл үгийн үндэс ба язгуурыг бүрэн ба бүрэн бус давтаж хэлзүйжсэн холбоо үгийг бүтээдэг.
сууж сууж ирлээ, яв явсаар
Бүрэн бус давтсан хэлзүйн тогтвортой утгыг илэрхийлнэ. Ингэж давтах нь үйлийн олонтаа болох байдлыг гаргаж буй учир хэлзүйн тогтвортой хэлцэд оруулна.
6.       
Зарим үгс нь үгийн сангийн утгаа гээж хэлзүйн харьцааны утгыг илтгэнэ.
явсан ёсоор, ширээн дээр, салхины эсрэг, гэр зуур, ахтай хамт, гэр тушаа, бяруу мэт, арслан шиг, чоно адил
Өмнөх үгийг даган орж тогтвортой хэлзүйжсэн холбоо үгийг бүтээнэ.
7.       
Хэрэв үйл өгүүлэхүүн нь цагт нэрээр хэлбэржсэн бол, мөн нэрийн зүйлээр илэрсэн бол ардаа тэг холбоц Ǿ авна. Үүнээс давхар цаг бий болно.
ирсэн гэхэд байдаг байжээ гэсэн хоёр туслах үйл үгийг давхарлан авч болдог. Миний морь сайн. гэхэд үйл үг байхгүй авч сайн гэдгийн ард болно, болоосой, байна гэх мэт туслах үгийн үүрэг гүйцэтгэх тэг холбоц авч болно.
Төгс өгүүлбэр буюу төгс өгүүлэхүүнийг төгсгөж буй тэг холбоц нь уул өгүүлэхүүнийг үйлийн эзэн буюу өгүүлэгдэхүүнтэй утга хэлбэрийн хувьд холбодог. Иймээс үүнийг холбоц гэнэ.


Хэлзүйжсэн тогтвортой холбоо үг нь дараах  онцлогтой. Үүнд:
1.      Дагаж орсон үг нь туслах үгийн үүргийг гүйцэтгэж хэлзүйн задлаг хэлбэрийг бий болгоно.
2.      Туслах үг нь үгийн сангийн утгаа гээнэ.
3.      Үндэс, язгуурыг бүрэн ба бүрэн бус давтаж үргэлжлэх, давтах хэлзүйн утгыг илтгэнэ.
4.      Туслах үүргээр орсон үгс нь баймж утга илтгэж болдог.
5.      Өмнөх нэрийн зүйлийг үйлшүүлнэ.
Бүхэлзүйжсэн холбоо үг: Өгүүлбэрийн бүрэлдэхүүнд орж буй холбоо үгсийн хоорондох нөхцөлдөн холбох шинж нь балархайшдаг. Иймээс зарим холбоо үгийн аль нь алийгаа захирч байгаа, эсвэл зэрэгцэн холбогдож байгаа хоёрын аль нэг нь нөгөөгөө захирахгүй байгаа нь тодорхой бус болдог. Үүнээс үүдэн тодосгогч тодосгуулагчийн зүйл бий болно. Ийм төрлийн холбоо үгийг бүхэлзүйжсэн холбоо үг гэнэ.
Онцлог шинж
Жишээ
Тайлбар
1.       
Хоёр гишүүний нэг нь тодорхой, нөгөө нь ерөнхий утгатай байна.
бөднө шувуу
Бие жижиг, оготор сүүлтэй, хөхөвтөр өрөвлөгтэй, сүрэглэн нисдэг, ятууны төрлийн хэрүүлч, зодоонч хээрийн шувууны нэр болох бөднө нь тодорхой утгатай, өд өрөвлөг жигүүртэй, өндөглөж үрждэг бүлээн цус, сээр нуруут амьтны нэр болох шувуу нь ерөнхий утгатай байна. 
2.       
Нэг нь нөгөөгөө орлож болдог.
Тэд бүгдээрээ
тэд, бүгдээрээ гэдгийн аль нэгээр хэлж болно.
3.       
Нэг нь нөгөөгүйгээр байж болохгүй, заавал хамтарч өгүүлбэрт нэг гишүүн болно.
таван цагт, энэ жил, арван хэд
Холбоо үг нь хамтдаа гишүүн болох ба нэг нь нөгөөгөө орлодоггүй. Харин дотроо тодосгогч тодосгуулагчийн харьцаатай байдаг.
4.       
Эцсийнх нь өмнөхөө тодосгосон байдаг ба тодосгогч, тодосгуулагч гишүүн нь нэг үүрэгтэй тул өгүүлбэрт нэг гишүүн болно.
Нар чи. Дорж миний бие
чи, миний бие гэх гишүүд нь нар, Дорж  гэх гишүүдээ тодосгосон үүрэгтэй байна.
5.       
Үл хувилах үгсийн аймаг буюу тэмдэг нэр, тооны нэр нь жинхэнэ нэрийн үүргээр орж нэрийн хувиллаар хувилбал бүхэлзүйжсэн холбоо үг болно. 
Цагаанаас нь авъя. Дөрвийг нь явуулъя.
Цагаан гэх тэмдэг нэр, дөрөв гэх тооны нэр нь арынхаа тодосгуулагчийг өөртөө  хураан үүргийг нь гүйцэтгэжээ.  

No comments:

Post a Comment