menu

Wednesday, October 7, 2015

Нэгдүгээр ангийнхан эсээгээ уншаарай



 
Г.Аюурзана                                       Зүүдний тухай яриа
(эсээ)
Fled is that music. Do I wake or sleep?
John Keats

               Амьдрал бол зүүд гэх нь бий. Зүүд тэгвэл юу вэ? Жинхэнэ амьдрал уу? Ингэхэд би зүүдэлж байна уу, амьдарч явна уу?
               Зүүд, амьдрал хоёрын ялгаа бүрхэг л дээ. Бүдүүлэг омог аймгийнхны хувьд ийм ялгаа ерөөсөө байдаггүй юм гэнэ билээ. Би хувьдаа зүүдийг энэ амьдралаас тусдаа зүйл гэдэгт итгэлтэй явдаг ч, эвгүйгээр зүүдлэгдсэн хэн нэгэнтэй инээмсэглээд ярилцчихаж чаддаггүй л юм. Зүүдний ертөнц бидний ертөнцтэй ерөнхийдөө адилхан. Харин тэнд бид энэ ертөнцөд байдгаасаа хамаагүй чөлөөтэй, өөрийнхөөрөө байдаг. Ганц баримт дурдахад, би зүүдэндээ дугуй унаж сурсан юм. Дунд сургуулийн найзууд маань бүгд дугуй унадаг, би л ганцаараа чаддаггүй. Хоёр ч дахин тун эвгүй унасны эцэст дугуйнаас өөрийн эрхгүй айдаг болж билээ. Түшүүлж байгаад нэгэнт дөрөө жийгээд эхэлбэл шулуун замд бол дажгүй явчихна. Харин ганцаараа дугуйгаа хөдөлгөөд явж чаддаггүй, бас эргэлт дээр будилдаг байв. Нэг удаа яавал дугуйг унагалгүй хөдөлгөж болдгийг зүүдлэв. Тэгээд эргэлтийг тун чадмаг хийж явна гэж зүүдэллээ. Дөрөөг доош жийсэн тал руугаа эргэхэд хялбар байх юм. Маргааш нь ангийнхаа хүүхдийн унадаг дугуйг гуйж зүүднийхээ мэдлэгийг туршиж үзвэл яг болж билээ.

               Бас зүүдэндээ бид үнэн төрхөөрөө байж чаддаг. Энэ ертөнцөд бид нэрэлхэж, хуурамч дүр эсгэж амьдрах болдог. Зүүдэнд бол бид үнэхээр айж, үзэн ядаж, догдолж, дурлаж байгаагаа нүүрэндээ гарган үзүүлж, үг яриа маань бодлоос төдийлөн гаждаггүй. Зүүдний үйлдэл маань яг үнэн голоос хийгддэг.
               Тэгэхээр энэ ертөнц бол бусад хүмүүсийн ертөнц, харин зүүд бол гагцхүү миний л, өөр хаана ч үгүй, өөр хэний ч эзэмшлийн бус ертөнц гэсэн үг. Зүүдэнд байгаа хот хэдийгээр яг л газар дээрх Улаанбаатар, Москва, Копенхаген  мөн боловч цөм миний зохиомжилсон хот шүү дээ. Жишээ нь, Москвад бол Тверийн гудамжаар уруудсаар яваад Улаан талбай руу очдог. Харин зүүдэнд бол Улаан талбайн оронд Тасганы овоо харагдаж болно. Яах аргагүй Тасганы овоо мөн боловч, Андерсений бульвар гээд биччихсэн гэрэлт хаягтай байх юу ч биш. Яагаад гэвэл, тэр чинь миний эзэмшил ертөнц. Тэндхийн дэг журмыг би өөрөө ч мэдэхгүй. Гэвч бүх дэг журам нь миний далд ухамсраас л гарч байгаа юм.
               Зүүдэнд тааралдах хүмүүсийг ч би оюун ухааныхаа нуугдмал ухамсраар бодож олсон. Хэдийгээр тэдний газар дэлхий дээрх дүр төрхийг олон хүн таньдаг ч, миний зүүдэнд тэд эндхийнхээсээ эрс өөр хүмүүс байдаг. Харин нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь, зарим өөдгүй муу хүмүүс зүүдэнд минь миний амийг аварч, үй зайгүй найз минь надад сэрүүндээ бол хэзээ ч итгэмгүй муухай зан гаргаж байсан шүү. Тийм тохиолдолд аль нь илүү үнэний хувьтайг яг таг хэлж би даанч чадахгүй.
               Зүүдийг энэ амьдралтай зэрэгцээ оршдог, өөр хэмжээс бүхий ертөнц гэх үзэл нэлээд түгээмэл.
               Монголчууд Манж Чин гүрний үед орчуулаад бараг л өөрийн уран зохиол мэт үзэх болсон. “Улаан асрын зүүд” хэмээх хятад сонгодог романд яг л өөрийнхөө ахуй амьдралыг тэр чигээр нь зүүдэлж байгаа хүний тухай хэсэг бий. Бодит ертөнцийнх арай л биш нь мэдрэгдээд байдаг тул гол баатар “Үгүй, мөн хачин аа! Яг л манай зарц нартай адилхан хүүхнүүд бас байдаг аа?” гэж эргэлзсэндээ эзний нэрийг асуувал өөрийнх нь нэрийг хэлнэ. Өөртэй нь адилхан нэртэй, ижилхэн амьдралтай тэр эрхмийн царайг харахаар танил байшингийн шатаар өгсөж унтлагын өрөө рүүгээ шагайвал орон дээр нь нэгэн залуу эр унтаж байх аж. Залуу эр давхийн сэрснээ: “Би цэцэрлэгт салхилж явтал та нар намайг танихгүй, өөр хүнийг намайг гээд байна, тэгтэл миний энэ орон дотор өөр хүн унтаж байна гэж зүүдэллээ” хэмээн зарц нартаа ярих дуулдав. Гол баатар маань ч учрыг олохоор тийш ортол, нөгөө эр: “Энэ чинь чи юу? Тэгвэл зүүд биш байх нь ээ?” гэж хачирхана. Төдөлгүй мань эр сэрчих бөгөөд нөгөө зүүдэн дотор нь сэрсэн хоёр дахь биеийнхээ хэлсэн үгийг зарц нартаа давтан хэлдэг.
               Иймэрхүү санаа хятадын философи сэтгэлгээнд бат суурьтай тогтсон үзэл бололтой. “Улаан асрын зүүд” бол XVIII зууны үеийн зохиол бөгөөд бүр Христийн тооллоос өмнөх III зуунд аж төрж асан гүн ухаантан Жуанз (Жоуз ч гэдэг) эрвээхий болчихсон нисч явна гэж зүүдэлснээ сэрээд эрвээхий, түүнийг зүүдлэгч хоёрын аль нь чухамдаа жинхэнэ Жуанз болохыг удтал эргэцүүлэн бясалгасан байдаг шүү дээ.
               Энэчлэн яг ижилхэн зүүд зүүдэлсэн хүмүүс тэр тухайгаа хачирхан ярилцаж байхыг ч би нэг биш удаа сонссон юм байна. Бүр өөр өөр газар, өөр өөр цаг үед нэг зүүд үзсэн хүмүүс байхыг яана!
               Бие биеэ ч танихгүй хүмүүсийн зүүдний хачин уялдаа холбооны талаарх хамгийн сонин баримтуудын нэг нь Чингис хааны ач Хубилай хаан, XVIII зууны английн романтик яруу найрагч Самюэл Тейлор Колриж хоёрт хамаарна. Хубилай хаан өөрийнхөө ордныг барьж байгуулахаасаа өмнө зүүдэндээ харж, сэрүүтээ барилгын төлөвлөгөөг гардан хийж бариулсан юм санж. Энэ тухай Хубилайн удмын Гасан хааны элч өгүүлсэн гэж Рашид-ад-Дины “Судрын чуулган” дотор бий. “Судрын чуулган” европын хэлнээ анх удаа 1836 онд франц руу орчуулагдсан гэдэг. Тэгвэл 1797 онд яруу найрагч Колриж тун хачин хэлбэрээр холбогдсон тавин хэдэн мөр шүлэг зүүдэлсэн нь чухамхүү Хубилай хааны ордны зохион байгуулалтын тухай өгүүлсэн байжээ. Колриж зүүдэлсэн мөрүүдээ утгын хувьд баяжуулан “Kubla Khan”хэмээх найраглал бичсэн нь өнөө хэр англи хэлний яруу эгшиглэнгийн оргил гэгддэг. Харин найраглалын амин сүнс нь хөгжимлөг сонсголондоо байдаг тул орчуулах гэсэн оролдлого бүр үр дүнгүй өнгөрдөг ажээ.
               Монголын хаан ирээдүйд сүндэрлэх орд харшаа зүүдэлсэн нь таван зуун жилийн хойно английн яруу найрагчид зүүдлэгдэж, улмаар тун өвөрмөц шүлэг болсныг Аргентины их зохиолч Борхес “...ордноо нуран сүйдэх үед эзэн хааны сүнс Колрижийн сэтгэлд нэвтрэн орж, гантиг хийгээд төмрөөс илүү бат бэх зүйл болох үгээр мөнхүү ордноо сэргээн босгоо буй за” хэмээн дүгнэсэн байдаг. Хэрэв тийм бол зүүдээр дамжуулан урьд, хойд нас гэж бий эсэхийг тааварлаж болох нь ээ?
               Дашрамд хэлэхэд, Колриж монголчуудтай холбоотой сонин таамаг нэг бусыг дэвшүүлсэн хүн. Македоны Александрын үхлийн талаар тодорхой баримт үгүй шүү дээ? Тэгвэл Колриж их байлдан дагуулагчийг эрх ямбанаас залхаад эзэнт гүрнээсээ оргож, монголчуудын хөлсний цэрэг болсон тухай өгүүлсэн нь бий. Юмыг яаж мэдэх вэ, английн тэр яруу найрагч өвөг дээдсийн минь хүчирхэг үеийг сайн мэдэх хэн нэгний сүнс ч юм бил үү.     
               Би ч гэсэн урьд хэн байсан, хожим хэн болохоо мэдмээр байна. Чи энэ тухай нэг зүүдлэхийг бодоорой! гэж би үүнийг бичиж суух зуураа эхнэртээ хэллээ.
               Миний эхнэрийн зүүдэлсэн юмс ихэнхдээ биелдэг юм. Анхандаа бид хачирхдаг байсан боловч сүүлдээ мэргэн зүүд дэндүү олон тохиолдсон тул тоогоо ч алдчихсан. Тэр хэрээр хачирхахаа ч больсон. Бүр намайг хол газар хэрхэн явсныг зурагтаар харсан мэт яг таг зүүдэлсэн тохиолдол ч бий.
               Эндээс зүүдний бас нэг сонин чанар харагдаж байна. Зүүдээр хувь заяаны оноолтыг тааж мэргэлж болно! Христос шашны анхны томоохон онолчдын нэг Ориген: “Бурхан урьдчилан анхааруулалгүйгээр хэнийг ч шийтгэдэггүй” гэж хэлсэн аж. Хүнд аливаа үйл явдлыг урьдаас мэдрэх зөн совин байдаг. Тэр нь ихэвчлэн зүүдээр илэрдэг бололтой.
               Авраам Линкольн алагдахаасаа хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө үхлийг зөгнөн зүүдэлж эхнэртээ, бас бус хүмүүст ярьсан байдаг. Харин ерөнхийлөгчийн амь насанд халдсан хойно л ойр дотныхон нь тэр зүүдийг санацгаажээ.
               “Мянга нэгэн шөнийн үлгэр”-т гардаг булсан эрдэнэсийн тухай мэргэн зүүдийг та санаж байна уу? Зүүдэлсэн эрдэнэсээ хайгаад Египетээс Перс ордог адал явдалт тэнүүлчинд тэндхийн цагдаагийн дарга:
               -Тэнэг минь, надад л лав Каирт байдаг цагтай цамхаг бүхий байшингийн ёроолд булаатай алт эрдэнэс гурван удаа зүүдлэгдсэн юм даг. Би тэр хоосон зүүдэнд итгэж тэнүүчлээгүй л байна. Ийм мунхаг юм бүү хөөцөлд! гэж зөвлөдөггүй юу. Цагдаагийн даргын зүүдэлдэг байшин бол мань тэнүүлчний байшин л даа. Ингээд тэр харьж, хашаан дотроосоо бөөн алт ухаж олоод баяждаг юм. Атаархмаар сайхан үлгэр шүү.
               Ид шидийн юм шиг ийм  зохиолуудаас ч болдог уу, хүмүүс зөнч мэргэн зүүдийг л үнэтэй мэт, биелээгүй хуурмаг зүүдийг дэмий солирол мэт санадаг. Би үүнтэй санал нийлэхгүй. Зөн совинтой зүүдэнд хүний өөрийн уран зөгнөл тун бага. Харин ой тойнд багтамгүй солиотой замбараагүй зүүдэнд дасал болсон логик загварт баригдаагүй, уран бүтээлийн шинж давамгайлдаг. Зүүдэндээ уншиж суугаа сонины нүүрэн дэх том гарчиг ч угтаа тухайн зүүдлэгчийн л зохиол шүү дээ.
               Зүүд ердийн амьдралаас ялгагддаг хамгийн гол онцлог нь саяын дурдсан логикгүйд байх шиг. Ертөнцийн логик зүүдэнд ер үйлчилдэггүй. Тэгэхээр хүний далд ухамсар, санаатай бус үйлдэлд логик байдаггүй гэсэн үг. Логикгүй, зөвхөн нууцлагдмал ухамсраар л зохицуулагдаж байгаа зүүдний ертөнц уг ертөнцийг бүтээгээгүй бусад хүмүүст мөн танигдахааргүй юм. Жишээ нь, миний зүүд ямагт бүрэнхий, үл мэдэгхэн сүүмгэр манантай орчинд өрнөдөг, гагцхүү хар цагаан байдаг. Харин эхнэр минь тод, өнгөтэй зүүдэлдэг тухайгаа ярьдаг. Хэдийгээр бүрсгэр, манантай, хар цагаан боловч би өөрийнхөө зүүдийг хар багаасаа үзсээр дасчихсан тул ямар ч тод, өнгөт зураг харж байгаагаас илүү учрыг нь олж, өчүүхэн зүйлийг ч ялгаж таньдаг. Өөр хүн бол тэнд юу болоод байгаагч ойлгохгүй биз.
               Уг зүүд сэрсэн хойно логикгүй санагдана даа гэдгийг би заримдаа зүүдэн дотроо ухаардаг. Гэвч энэ миний санааг ер зовоодоггүй.
               Заримдаа хар дарж таагүй явдал тохиолдох бүрт сонсогддог танил муухай цуурай анзаарагдаад эхэлмэгц эргэн тойрноо сайтар ажиглаад нөгөө л манантай, өнгөгүй ертөнцийг таних аз таарвал “Энэ чинь зүүд байна шүү дээ. Мөдхөн сэрчихнэ, зүгээр” гэж өөрийгөө тайвшруулдаг юм.
               Ингэтлээ ижил дасал болчихсон хэрнээ би тэр ертөнцөөс наашаа ганц удааг л эс тооцвол шүлэг авчирч үзээгүй. Тэнд сонин гайхалтай хөгжим сонсч байсан ч, сэрээд амандаа аялах гэхээр л болохоо больчихдог. Номноос уншсанаа эргэцүүлэн бодоход, зүүднээс төрсөн аялгуу сэтгэлд илүү хүчтэй нөлөөлдөг юм шиг. Та Жузеппе Тартинийн “Trillo del Diavolo”-г хайж олоод сонсоорой. Битлзийн “Yesterday”ч зүүдэнд төрсөн аялгуу шүү дээ.
               Зүүдлэгдсэн шүлэг зохиол, аялгууг хамгийн гол нь мартахгүй тэмдэглэж авах хэрэгтэй юм билээ. Би зүүдээ ер нь л мартчихдаг юм. Зүүдтэй хамт зүүдлэгдсэн шүлгүүд минь ч мартагджээ. Мартагдсан, сэргээж санах гээд ер чадахгүй байгаа бүхэн хамгаас онцгой, хамгаас нандин байсан юм шиг санагддаг нь хачин шүү.
               Зүүднээс бүрэн гүйцэд сэрэх заримдаа харь гарагаас ирэх мэт, бүр үхлээс сэрэх мэт хэцүү. Унтаж буй яг тэр өрөөндөө хэвтэж байгаагаар зүүдэлсний дараа нэг хэсэгтээ л хаана байгаагаа тодорхойлох гэж барьц алдана. Тийн үүлгэртэж самуурсны дараа үхэл учиргүй танил юм шиг, бас санаснаас хавьгүй ойрхон байх шиг төсөөлөгддөг. Харин гайхамшигтай сайхан зүүднээс сэрэхэд хэдий хайран ч, сэтгэлд далдын нэг их баяр бий болчихсон байдаг.
               Гэхдээ л би Бертран Расселд залуу насанд нь нэгтээ зүүдлэгдсэн шиг тийм гайхамшигтай зүүдийг олж үзээгүй л явна. Уг зүүд ийм: Ширээн дээр орхисон цаасан дунд нэгэн хуудсан дээр “Энэ хуудасны ар талд бичсэн зүйл худлаа!” гэсэн бичиг харжээ. Хуудсыг эргүүлээд үзвэл: “Энэ хуудасны ар талд бичсэн зүйл худлаа!” гэсэн байх нь тэр. Дөнгөж сэрүүтээ Рассел ширээ рүүгээ ухасхийж. Тийм хуудас ширээн дээр нь огт байсангүй.
               Энэ зүүдний тухай санаандгүй олж уншаад би хэчнээн атаархав аа! Гэхдээ хэзээ нэгэн цагт надад үүнээс ч сонин бичиг зүүдлэгдэнэ гэж итгэдэг. Миний далд ухамсарт ер нь юу ч нуугдаж байж мэднэ. Юу ч нуугдаж байж мэднэ.. юу ч нуугдаж... Юу ч...
                                                                                                                                  2001.05.06   






No comments:

Post a Comment