menu

Thursday, October 22, 2015

Нэгдүгээр ангийн оюутнуудад: Эсээ задлал




1.    Эхлэл хэсэг, түлхүүр өгүүлбэрийг тодорхойлох нь:
Уншигч хариулах гэж эргэцүүлэн бодохуйц асуултаар эхэлсэн, зүүд амьдрал хоёр бараг л ялгаагүй хэмээн өгүүлсэн уг эсээний эхлэл хэсэг нь эсээний ерөнхий санааг илтгэх бөгөөд I(А)-аас (В) хүртэл тэмдэглэгдсэн цогцолбороос бүрдэж байна.
Би хувьдаа зүүдийг энэ амьдралаас тусдаа зүйл гэдэгт итгэлтэй явдаг ч, эвгүйгээр зүүдлэгдсэн хэн нэгэнтэй инээмсэглээд ярилцчихаж чаддаггүй л юм.” гэх өгүүлбэр нь энэхүү эсээний гол санааны хөтөч болох түлхүүр өгүүлбэр болно. Зохиолч, эсээний эхэнд зүүдний ертөнц, энэ ертөнц хоёрыг зэрэгцүүлэн тавьсан бөгөөд зарим үед хүн зүүдэндээ энэ ертөнцөд амьдардгаасаа ч илүүгээр өөрийнхөөрөө, үнэн төрхөөрөө байдаг ч байж магадгүй тухай өгүүлсэн нь “зүүд”-нд хандах зохиогчийн хандлага, эсээний ерөнхий өнгө аяс цаашид ямар байхыг тодорхойлж өгчээ. “... зүүдэндээ дугуй унаж сурсан” баримт нь зүүдний ертөнц хийгээд хүмүүний ертөнц хоёр бараг ялгаагүй гэж өгүүлсэн түлхүүр өгүүлбэрийн санааг дэмжих, нотлох үүрэгтэй байна.

Түүнчлэн эхлэл хэсэгт, зүүд бол тухайн хүний цорын ганц эзэмшлийн ертөнц мөн гээд энэ нь далд ухамсраас гарч буй зүйл юм гэжээ.
Хоёрдугаар цогцолбор нь зэрэгцүүлэн холбох үүрэгтэй “Бас” гэх холбоосоор холбогдсон нь  зүүдний ертөнцөд өөрийнхөөрөө, чөлөөтэй байж чаддаг гэх санааг улам лавшруулжээ. Харин дараагийн цогцолборыг “Тэгэхээр” гэсэн холбоосоор холбосон нь “зүүдний ертөнц бол зөвхөн минийх” гэх саналаа нотолсон байна.
2.    Үндсэн хэсгийг тодорхойлох нь.
Зохиолчийн, зүүдний талаар эргэлзсэн, гайхсан, хачирхсан, таамагласан санал сэтгэгдлээ баримт мэдээлэл ашиглан илэрхийлсэн үндсэн хэсэг нь II(А)-аас (Д) хүртэл тэмдэглэгдсэн цогцолбороос бүрдэнэ.Энэ хэсэгт зүүдний ертөнцийг гайхах зохиогчийн сэтгэлийн өнгө аяс илэрчээ.
Зүүдийг энэ амьдралтай зэрэгцээ оршдог, өөр хэмжээс бүхий ертөнц; Өөр өөр газар, өөр өөр цаг үед нэг ижил зүүд зүүдлэгдэж болдог сонин тохиолдлууд; Зүүдээр хувь заяаны оноолтыг тааж болох гэх зэрэг сонин сэвүүн үзэл, санаануудыг онцлон авч эсээний эхлэл хэсэгт зүүдний болоод, хүний ертөнцийг адилтган өгүүлснээ үндсэн хэсэгтээ дэмжин дэлгэрүүлжээ.
Түүнчлэн, “зүүд ердийн амьдрал хоёрын ялгаа нь логикгүйд байгаа юм” гэдгийг үндсэн хэсэгтээ дурдсан нь “Зүүд амьдрал хоёрын ялгаа бүрхэг л дээ” гэх өгүүлбэрт байгаа “ялгаа”-г гаргасан байна.
3.    Төгсгөл хэсгийг тодорхойлох нь.
III (А), (Б)цогцолбор нь эсээний төгсгөл хэсэг бөгөөд энд, зүүдийг танин мэдэх санааг өдөөж, шинэ мэдээлэл дамжуулж, түүнийг анхааран судлахыг уриалж, асуудал дэвшүүлсэн. Эсээний ерөнхий түлхүүр өгүүлбэрээр дэвшүүлсэн санааг буюу зүүд энэ амьдрал хоёрыг адилтгаж болохгүй ч, зүүдний ертөнц ор тас байхгүй, хий хоосон зүйл юм гэж үзэж бас болохгүйг эргэн сануулж, далд ухамсрын илрэл байж болох зүүднээсээ өөрийгөө ч таних боломжтойг илэрхийлж уг эсээ төгсчээ.
4.    Тулгуур үгсийг олох Хүснэгтэд байгаа мэдээлэл тул блогт танигдахгүй байна. Багшаас энэ хэсгийг лавлан асууна уу.

“Зүүдний тухай яриа” хэмээн гарчигласан уг эсээг эхнээсээ дуустал “зүүд” гэх тулгуур үгээр холбон зохиомжилжээ. Ингээд зүүд бол ертөнц юм, түүнийг хүний ертөнцтэй адил гэж үзэж болох ч  ялгаатай гэдгийг өгүүлээд, далд ухамсрын гэрч болох  зүүдээр хувь заяаны оноолтыг мэдэж болох таамаглалыг онцлон, улмаар зүүдний болоод хүний ертөнцийн гол ялгааг логиктой байх, логикгүй байхаар харуулсан. Дээрх загварт байгаа тулгуур үгсээс энэхүү эсээний ерөнхий гол санааг харагдаж байна. 
 5. Баримт эшлэлүүд, тэдгээрийн үүрэг: Хүснэгтэд байгаа мэдээлэл тул блогт танигдахгүй байна. Багшаас энэ хэсгийг лавлан асууна уу. 
6. Зохиогчийн санааг тайлбарлах нь
Зүүдийг оргүй хоосон бөгөөд нойрон дунд л явагддаг процесс мэтээр үзэх нь учир дутагдалтай гэдгийг олон баримт эшлэлээр нотолж, улмаар хүний далд ухамсар зүүдээр илэрдэг гэсэн санааг дэвшүүлжээ. 
7. Өөрт төрсөн сэтгэгдэл
Зүүдэлсэн зүүд маань биелээд ч байгаа юм шиг санагдаж байсан тохиолдол нэг биш удаа бий. Тийм зүйлийг тэгж зүүдэллээ ямар учиртай юм бол, зүүдэнд орсон тэр хүний бие тэнхээ, ажил төрөл нь гайгүй л байдаг байгаа даа гэж бусад хүний ярихыг ч сонсож байсан минь бас олон... Зүүдээр зөгнөх сэтгэлгээ ямар ч хүнд байдаг юм болов уу гэх бодол төрнө. 
 Бариад авах бараагүй, үзээд харах биегүй мөртлөө хүн бүрт  нэг л сонин мэдрэмж төрүүлдэг зүүд гэдэг сонин. 
Энэхүү эсээг уншаад аль ч цаг хугацаанд зүүдний талаар янз янзын сэжиг таамаг байсаар ирсэн бөгөөд зүүдийг хүн төрөлхтөн тийм ч оргүй хоосон зүйл биш гэж үзсээр ирсэн тухай олон мэдээллийг авлаа.
Зүүд бол хүний амьдарч буй ертөнцтэй адил ертөнц юм гэсэн нь энэхүү эсээний онцлог гэж уншигч би дүгнэлээ.

  
 

No comments:

Post a Comment